Шинэ оны мэнд хүргэе!

Цаг хугацааны хүрд зогсолтгүй эргэлдсээр 2016 он амьдралын түүх болон үлдлээ. Улиран одож буй 2016 онд буюу өнгөрсөн 366 хоног 8784 цагийн хугацаанд “Од” сургууль бүтээж чамгүй амжилтанд хүрчээ.
2015/2016 оны хичээлийн жилд сурагчдын тоо 13-аас 20 болж өсөв.

2015-2016 оны зааг дээр “MORGEN” нийгэмлэгийн зохиосон “Үлгэрийн орноор аялахуй” олон улсын наадамд “Од” сургууль монгол ардын “Гэр” үлгэрээр анх удаа оролцож үзэгчдийн таашаалыг хүртлээ.

2016 оны 3 сарын 31 – 4 сарын 2ны өдрүүдэд анх удаа ХБНГУ дахь монгол хүүxдүүдийн урлаг спортын наадмыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд ХБНГУ-д монгол хэл, соёлын сургалт эрхэлж буй сургуулиудын сурагчид, багш, эцэг эхчүүдээс гадна Австри Улсын Зальцбург хотын “Чингис” монгол сургууль ирж оролцлоо.

2016 оны 4 сарын 17нд “Од” сургуулийн анхны сурагчид “Эрдмийн баяр”-аа тэмдэглэв.

2016 оны 7 сарын 10нд Мюнхен хотноо оршин сууж буй хүүхдүүдийн дунд эрийн гурван наадмыг амжилттай зохиолоо.

Олны хүч оломгүй далай гэдэгчлэн хүн бүр сэтгэл зүрхээ зориулж нэгэн зорилгын төлөө хүчээ дайчлан ажиллахад ямар ч бэрхшээл бэрхшээл биш болж юунд ч хүрч болдогийг манай сургуулийн хүүхдүүд, тэдгээрийн ээж аав, багш нар 2016 ондоо харуулж чадлаа.

Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе!

“ОД” сургуулийнхан үлгэрийн орноор аялав

“MORGEN Initiative e.V.” нийгэмлэгийн санаачлагаар олон улсын үлгэрийн фестиваль уламжлал болон зохиогдсоор өдгөө 4 жилийн нүүрийг үзлээ. Энэ арга хэмжээнд Мюнхен хотноо үйл ажиллагаа явуулж буй улс улсын төлөөлөл болсон нийгэмлэгүүд оролцож нийт 2.000 гаруй үзэгчид ирж сонирхсон юм. Орон орны үлгэрээр амьсгалсан 2016 оны 12 сарын 4ний өдөр “ОД” сургуулийн хүүхдүүд монгол ардын “Муур багш” үлгэрийг жүжигчлэн тоглон үзэгчдийн нүдийг баясгалаа. Бясалгагч ламд Өлзий, хорон санаат чоно мэт сэтгэлт муурын дүрд Маралжин, хулганы хаанд Арвин тоглож бусад хүүхдүүд маань хулгануудын дүрийг бүтээлээ.

Хүүхдийн наадам 2016

Мюнхений хүүхдийн наадам 7 сарын 10нд Форстхаус Кастенд өргөн дэлгэр болж өнгөрлөө.
Од сургууль наадам
Энэ өдөр Мюнхен хот дахь “Од” сургуулийн хүүхдүүд урлагийн авъяасаараа үзэгчдийг баясгаж олон сайхан дуу дуулж, шүлэг уншиж “хэрвээ сайхан амьдарч байвал бие бие рүүгээ инээмсэглээд” гэсээр концертоо өндөрлөв. Хүүхдийн наадам бөх, сур харваа, хурдан морь гэсэн гурван төрөлтэйгээр үргэлжлэх үед Мюнхен хотын бас нэгэн монгол сургууль болох “Есөн эрдэнэ” хүүхдүүдэд үлгэр уншиж өгөхийн зэрэгцээ нүүр будаж баяр дээр нь баяр нэмж байлаа.

Энэ жилийн хүүхдийн наадмын бөхөд 8 хүүхэд хүчээ үзсэнээс Оргил (7 нас) түрүүлж Флориан (4 нас) үзүүрлэлээ. Сур харваанд Тэмүүлэн (12 нас) мэргэн ончоор шалгарсан бол удаахь байранд 4 онооны зөрүүтэйгээр Чанцалдулам (11 нас) орж медаль үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Хурдан морины уралдаан насны ангилалтайгаар 2 төрлөөр явагдлаа. 3-5 насны бяцхан хүүхдүүд маань модон мориор уралдаж хурдаа сорьсон бол 6-12 насны хүүхдүүд шагайгаар морь уралдуулсан билээ. Үүнд 3-5 насныхад Флориан түрүүлж, Ану баян ходоод болсон бол 6-12 насны ангилалд Чанцалдулам түрүүлж Нарангэрэл баян ходоодоор шалгарлаа.
Бөх
Баян ходоод
Ийнхүү хойч ирээдүйдээ зориулан зохион байгуулсан монгол наадам тэгш дүүрэн болж өнгөрлөө.

Эрдмийн баяр

Эрдмийн баяр Од2016 оны 4 сарын 17нд “Од” сургуулийн анхны сурагчид “Эрдмийн баяр”-аа тэмдэглэлээ. Сурагчид монгол хэлний цагаан толгойн 35 үсгийг үлгэрт оруулан, өөрсдөө гүнж ханхүү нарын дүрд хувиран сурч мэдсэнээ өвөө эмээ, аав ээж, ах эгч дүү нартаа харууллаа. Мөн “Зуун зууны ерөөл” дуугаар баяртаа хүрэлцэн ирсэн зочиддоо бэлэг барив. Тайзны чимэглэл болох зургийг Б. Чанцалдулам охин зурж, хүүхэд бүр титмээ өөрсдөө урласныг энэ дашрамд дурдахад таатай байна.

Үлгэр жишээ болсон ах эгч нартаа дүү нар нь бэлэг бэлдэж ирснээ мөн эх хэл соёлдоо шамдан буй бяцхан шавь нартаа хичээл зүтгэлийг нь үнэлж сургуулийн удирдлага “Өргөмжлөл” гардуулснаар баярын арга хэмжээ өндөрлөв. Хүүхдүүдээ юу сурч, ямар авьяастайг үзэж сонирхсон эцэг эхчүүд тэднээрээ бахархаж, сэт­гэгдэл нь өндөр байгаагаа хэлж байлаа.

ХБНГУ дахь монгол хүүхдүүдийн урлаг спортын наадам амжилттай болж өнгөрлөө

Мюнхен хот дахь „Од“ монгол сургуулийн санаачлагаар зохион байгуулагдсан “ХБНГУ дахь монгол хүүxдүүдийн урлаг спортын анхдугаар наадaм” 2016-03-31 – 2016-04-02-ны өдрүүдэд боллоо. Энэхүү арга хэмжээнд Герман Улсад монгол хэл, соёлын сургалт эрхэлж буй сургуулиудын сурагчид, багш, эцэг эхчүүдээс гадна Австри Улсын Зальцбург хотын “Чингис” монгол сургууль ирж оролцлоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Өргөмжит ерөнхий консул А.Питум, Монгол Улсаас Герман Улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөл Цэргийн атташе дэд хурандаа О.Ариунаа нар үг хэлж арга хэмжээний үйл ажиллагаанд амжилт хүсэв.

shagnalt bair Оролцогч сургуулийн сурагчид урлагийн авъяасаа уралдуулж сурсан мэдсэнээ хүрэлцэн ирсэн зочиддоо толилууллаа. Авъяастнууд дундаас “Соёл” сургуулийн сурагч Билгүүн уран хэллэг, уншлагын чадвараараа онцгойлсон бол морин хуурч охин Мигел (“Эрдэм” сургууль) 2-р байрыг эзэлж, “Соёл” сургуулийн бяцхан дуучин тэргүүллээ.

цом

 

Биеийн тамирын хүчээрээ монгол сургуулиудын багууд эн тэнцүү, өрсөлдөөн ихтэй байсан ч “Од” сургууль 1 онооны давуугаар тэргүүн байранд орж цом хүртлээ.

Урлаг спортын өдрүүдээр хамт байсан 5 монгол сургуулийн 65 хүүхэд, 15 багш, 70 гаруй эцэг эхүүдэд бидний ажлыг дэмжин идэвхтэй оролцсонд туйлын их баярлаж талархсанаа “Од” сургуулийн хамт олон хүргэж байгааг хүлээн авна уу.

Дашрамд дурдахад, монгол хүүхдүүдийн урлаг спортын наадмыг зохиохын ялдамд эх орон, соёл заншлаа сурталчлах зорилгоор “Монголын соёлын өдрүүд Мюнхенд” нэртэй арга хэмжээг 2016 оны 3 сарын 31нээс 4 сарын 3ныг дуустал зохион явууллаа. Кино найруулагч Б.Үйзэнмаагийн “Хуягаа” баримтат кино, доктор Х.Куаркогийн “Монголын шашин” сэдэвтэй лекц, зураач Н.Баттулгын зургийн үзэсгэлэн,  яруу найрагч, доктор П.Гангаамаагийн номын уншлага, “Эгшиглэн” ба “Транс Монголиа” монголын язгуур урлагийн хамтлагуудын хамтарсан тоглолт, шагайн харваан тэмцээн, Штуттгарт хотын “Солонго” сургуулийн жүжигчилсэн тоглолт, морин хуур, хөөмийн анхны мэдэгдэхүүн олгох хичээл зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдаж энэхүү наадмын оролцогчид төдийгүй Германы олон иргэд өргөнөөр оролцсон нь онцлогтой байлаа. Мөн наадмын хүрээнд Мюнхен хотын Вестпарк цэцэрлэгт хүрээлэнд монгол гэр босгож, монголын ёс заншлыг харуулсан үзвэр нь олны сонирхлыг татаж чадлаа.

гэр

БСШУЯ хилийн чанадад байгаа монгол хүүхдүүдэд монгол хэл, ёс заншил, түүх, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх төслөөс

БСШУЯ хилийн чанадад байгаа монгол хүүхдүүдэд монгол хэл, ёс заншил, түүх, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх монгол сургууль, монгол хэлний багш нарт сурах бичиг, гарын авлага, хялбаршуулсан сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр дараах арга хэмжээ авч байна. Үүнд:

  • Эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр БСШУЯ-ны харьяа байгууллага болох Боловсролын хүрээлэнгийн “Үндэсний цөөнхийн хүүхдийн боловсрол” секторыг “Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны сектор” болгон өргөтгөж, тус сектор нь хилийн чанадад байгаа монгол хүүхдүүд, оюутан суралцагчид, эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, холбогдох асуудлаар судалгаа хийх, бусад байгууллагатай хамтран ажиллах чиг үүргээр ажиллаж байна.
  • Боловсролын хүрээлэнгээс хилийн чанадад суугаа монгол иргэдийн хүүхдүүдэд эх хэл, монгол ахуй, ёс заншил, зан үйлийн ойлголтыг таниулах, түүх, соёлын чиглэлийн суурь чадамж эзэмшүүлэх зорилго бүхий сургалтын хөтөлбөр, цахим сурах бичиг, гарын авлага зохиож байна. Цахим гарын авлагын эхийг зохиож, гадаадад ажиллаж амьдарч буй монгол иргэдээс санал авч сайжруулан боловсруулах ажил 90 хувьтай хийгдэж байна.
  • Хилийн чанадад байгаа монгол хүүхдүүдэд монгол хэл, бичиг үсгийн боловсрол эзэмшүүлэх, бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн эзэмшүүлэх чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран шаардлагатай мэдээллийн сан бүрдүүлж, онлайн сургалт тогтмол зохион байгуулах ажлыг төлөвлөн гүйцэтгэж байна.
  • Гадаад улс оронд сурч буй бага насны хүүхдүүд Ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн бүх хичээлийн сурах бичгийг үзэж судлах боломжийг бүрдүүлж БСШУЯ-ны цахим хуудсанд байршуулсан байна. Цаашид дунд болон ахлах ангийн сурах бичгийг мөн цахим хуудсанд байршуулахаар ажиллаж байна.

„Од“ сургуулийн шинэ жилийн баяр

2015 оны 12-р сарын 19-нд Мюнхен хот дахь „Од“ монгол сургуулийн сурагчдын шинэ жилийн баяр болов. Энэ жилийн шинэ жилд сургуулийн багш нар эцэг эхүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирж, амжилттай сайхан боллоо. Баярын зохион байгуулалтыг Билгүүний ээж П. Оюунаа гардан хариуцаж их зүтгэл гаргасанд сургуулийн захиргааны зүгээс гүн талархалаа илэрхийлэе.

Сурагчид маань өмнөх жилүүдээсээ илүү ихийг сурч мэдсэнээ харуулсан нь онцлог болсон юм.

Neujahr bei "Od" SchuleNeujahr 2015 bei "Od" Schule

 

 

 

 

 

Энэ амжилтыг нь үнэлж өвлийн өвгөн аав цасан охидоо дагуулсаар ирэн шаргуй хөдөлмөрлөсөн сурагчдад бэлэг гардуулсан юм.

Weihnachtsmann "Od" Schule

 

 

 

 

 

Охид нь өнгөлөг болоод гоёхон, хөвгүүд нь эрхэмсэг болоод намбалагхан, дуу хууртай, инээд наргиантай, амжилт бүтээлтэй, аливаад зорьсон хүсэл тэмүүлэлтэй сайхан шинэ жил боллоо. Өнгөрсөн бүхэн түүх болон үлдсэн ч, тэмүүлсэн бүхэн амжилт болон үлдэх гэгээн харгуй өөд итгэл сэтгэлтэй, эрч хүчтэй, эрдэм мэдлэгтэй эрхэм сайн хүрээрэй.

Үндсэн бүлгийн сурагчдын анхны зохион бичлэг

Үндсэн бүлгийн сурагчид маань цагаан толгойн үсгээ үзсээр 7 сар боллоо. Одоогоор гадаад үгэнд ордог гийгүүлэгч болон хатуугийн ба зөөлний тэмдгээс бусад үсэгтэйгээ танилцаж, тэдгээрийг хооронд нь холбон уншиж, бичиж чаддаг болсон. Кирилл цагаан толгойн үсгийн мэдлэг дээрээ тулгуурлан үг холбон өгүүлбэр зохиож, өгөгдсөн сэдвийн дагуу бүтээлчээр сэтгэх чадвараа хэрхэн харуулсаныг та бүхэндээ сонирхуулъя.

Зохион бичлэгийг бичихдээ хүүхдүүд маань эхлээд „Өвөл“ сэдэвт зураг зуран, түүнийгээ ангийнхандаа өөрийн үгээр тайлбарлан ярьж бэлтгэл хийсэн юм.

Билгүүн, 9 настай
Чанцалдулам, 11 настай
Тэмүүлэн, 11 настай
Ариунаа, 8 настай
Ариунаа, 8 настай
Нарангэрэл, 9 настай
Нарангэрэл, 10 настай
Штеффи
Сарнай, 9 настай

Сарнай монгол хэлэнд 3 сарын өмнөөс суралцаж эхэлсэн ба бусад хүүхдүүдтэй эн зэрэгцэхийн тулд бие даан маш их хичээл зүтгэл гаргаж байгаа сурагч юм.