Хүүхдийн наадам 2016

Мюнхений хүүхдийн наадам 7 сарын 10нд Форстхаус Кастенд өргөн дэлгэр болж өнгөрлөө.
Од сургууль наадам
Энэ өдөр Мюнхен хот дахь “Од” сургуулийн хүүхдүүд урлагийн авъяасаараа үзэгчдийг баясгаж олон сайхан дуу дуулж, шүлэг уншиж “хэрвээ сайхан амьдарч байвал бие бие рүүгээ инээмсэглээд” гэсээр концертоо өндөрлөв. Хүүхдийн наадам бөх, сур харваа, хурдан морь гэсэн гурван төрөлтэйгээр үргэлжлэх үед Мюнхен хотын бас нэгэн монгол сургууль болох “Есөн эрдэнэ” хүүхдүүдэд үлгэр уншиж өгөхийн зэрэгцээ нүүр будаж баяр дээр нь баяр нэмж байлаа.

Энэ жилийн хүүхдийн наадмын бөхөд 8 хүүхэд хүчээ үзсэнээс Оргил (7 нас) түрүүлж Флориан (4 нас) үзүүрлэлээ. Сур харваанд Тэмүүлэн (12 нас) мэргэн ончоор шалгарсан бол удаахь байранд 4 онооны зөрүүтэйгээр Чанцалдулам (11 нас) орж медаль үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Хурдан морины уралдаан насны ангилалтайгаар 2 төрлөөр явагдлаа. 3-5 насны бяцхан хүүхдүүд маань модон мориор уралдаж хурдаа сорьсон бол 6-12 насны хүүхдүүд шагайгаар морь уралдуулсан билээ. Үүнд 3-5 насныхад Флориан түрүүлж, Ану баян ходоод болсон бол 6-12 насны ангилалд Чанцалдулам түрүүлж Нарангэрэл баян ходоодоор шалгарлаа.
Бөх
Баян ходоод
Ийнхүү хойч ирээдүйдээ зориулан зохион байгуулсан монгол наадам тэгш дүүрэн болж өнгөрлөө.